Sunday, March 6, 2016

      Өнөөдрийн телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгчдээс үлгэр дуурайл аван үг хэллэг, үйл хөдлөл бүрийг нь шимтэн харж, бас ч үгүй шүүмжлэж суугаа би бол маргаашийн телевизийн сэтгүүлч юм. Урилгагүйгээр айлын хоймор өдөр бүр зочлох эрх бүхий хүндэт хувь тавилан зөвхөн телевизийн сэтгүүлч бидэнд заяадаг. Сая сая хүн, мянга мянган өрх айл, гэр бүлүүд миний дуу хоолой, дүр төрхөөр сайн сайхны магадгүй саар муугийн түгшүүрт мэдээг хүлээн авч “мэдээ, мэдээллийн эрин”-д хөл тавин алхална. Телевизийн сэтгүүлчийн өвөрмөц онцлог бол мэргэжил нэгт нөхдөө бодоход хөдөлмөрийн нөхцөл нь түмний нүдэнд ил байдагт оршино. Бидний уншсан мэдээ, нэвтрүүлэг, туурвисан уран бүтээл, олон нийтийн ухамсар, хэл ярианы хөгжилд шууд нөлөөлнө. Ер нь сэтгүүлч мэргэжилтэй хүн гэдэг миний ойлголтоор нийгэмд оюун ухааны засварчин, цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэгчид байдаг билээ. Тэр дундаа телевизийн сэтгүүлчийн бэлтгэсэн нэвтрүүлэг, нэвтрүүлэгчийн уншсан мэдээг хэлд орж буй хүүхдээс эхлээд бүх насныхан нэгэн зэрэг  шууд харилцах мэт оюун ухаандаа тусгаж хүлээн авна. Оюун ухааныг цэвэрлэгч, засварчид бидний дүр төрх, хэлсэн үг, мэдээллийг хүргэх ур чадварт үзсэн хүн бүхэн үнэлэлт дүгнэлт хийдэг бизээ. Гай нь ч гавъяа нь ч олонд ил байх телевизийн уран бүтээлчид бид өнөөдөр анхааран ажиллах олон олон асуудлуудтай тулгараад байна. Мэргэжлийн онцлог түүний ёс зүй, эфирийн соёл, үг хэлний сонголт. Энэ бүхнээс нэн тэргүүнд тавих нь эх хэлний боловсрол юм. Эх хэлээрээ төгс сайхан ярьж найруулан бичэж, үзэгч бүхэнд ойлгомжтойгоор нэвтрүүлэх чадваргүй бол телевизийн сэтгүүлч бид  бусдын оюун ухаанд, өсвөр насныхан тэдний сэтгэлгээнд ямар их уршиг тарихаа үргэлж ухамсарлах учиртай. Хурц шулуун, дайчин үгтэй, эсвэл гадаад хэлний мэдлэгтэй сэтгүүлч болохоо харуулах гэж хэлбэр хөөн зохимжгүй хар ярианы үг хэллэгээр үзэгч олноо хайр найргүй тургих нь хэвийн үзэгдэл болоод байна. Хамгийн ойрын жишээ орон нутгийн нэгэн сэтгүүлч оройн мэдээний агуулгандаа хүч нэмэхээр сонгосон бололтой “баас хатавч үмхийгээ тавихгүй гэгчээр...” хэмээн телевизийн дэлгэцнээс үмхий ханхлуулан нэвтрүүлэх юм. Оройн мэдээний цаг бол олон түний гэр бүлээрээ тойрч суугаад хоол ундаа уудаг амарч тухладаг үе. Зуу гаруй мянган хүн ам оршин суух энэ том хотын хүн бүхний өмнүүр хөндлөн алхаж, айл өрхийн хивсэн дээгүүр засварчин маань бохир гуталтайгаа хэнэгч үгүй туучин хойморт нь тухлах мэт сонсогдоно. Үг бүр утгатай, магадгүй үнэртэй. Манай нэрт хөгжимийн зохиолч, төрийн хошой шагналт Жанцанноров гуай нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “үг өөрөө аялгуутай, би түүнийг нь ил болгодог хүн ” гэж хэлж байсан нь ер санаанаас гардаггүй юм. Телевизийн сэтгүүлчид бид үүнийг л ямагт анхаарах учиртай! Сайхан хувтаслаж, дүр төрхөө тордоод эфирийн өрөөнд нэвтрүүлэгчийн ширээнд суулаа. Өрөөний гэрлүүд тодорч зураглаачийн дуран надруу чиглэнэ. Аниргүйн дунд найруулагчийн дохио “Анхаар 3-2-1”- эфир. Энэ үед би айлын хойморт, түмний өмнө тэднийг төлөөлөн ярьна. Амьсгал бүхэн минь, хэлэх үг бүр минь чухал. Одоо би гэрэл сүүдрийн цогц, дэлгэцэнд мөнхрөх телевизийн сэтгүүлч.  
  2013. 4. 13 нд Мөнхтуяагийн Баяржаргал