Thursday, April 7, 2016

ХЯХАЗ - семинар



Үг яриа хөгжүүлэхэд ашиглах уран зохиолын түүвэр:
Семинар -1                /Монгол ардын үлгэр/     Шаазгай хүү
            Эрт урьд цагт нэг шаазгай алтан улиасан дээр аятай сайхан амьдарч байжээ. Тэр нь долоон цагаан өндөгтэй юмсанжээ. Гэтэл аргат шар үнэг нэг өдөр жартгай нүдээ жарвалзуулж, урт сүүлээ шарвалзуулж ирээд:
-Шаазгай хүү! яасан олон хөөрхөн өндөгтэй юм бэ? Нэгий нь надаа өгөөч гэж гуйжээ.
Шаазгай хүү, өндгий минь авачиж идэх нь гэж мэдээд:
-Өндгөө өгөхгүй. Би өндгөндөө хайртай гэв.
Аргат шар үнэг шүдээ яралзуулан:
-“Тэгвэл би азрын холоос тоос манаруулж, алтан улиасыг чинь хуга мөргөөд, алтан уургий /өд/ чинь тас мушгаад хайртай өндгүүдийг чинь хамаа явна даа хөө” гэхэд шаазгай хүүгийн бор зүрх нь пал пал цохилж айгаад нэг өндгөө өгөөд явуулчихжээ.
Маргааш нь бас л нөгөө аргат шар үнэг үүгээр түүгээр юм үнэрлэн шинжилж, жир жир шогшсоор ирээд
-Шаазгай хүү, нэг өндгөө өгнө шүү гэжээ.
Шаазгай хүү:
-Та өчигдөр авсан өндгөө яасан бэ? Одоо би өгөхгүй гэжээ.
Үнэг: -Газрын холоос тоос манаруулан ирээд, алтан улиасыг чинь хуга мөргөөд, алтан уургий чинь тас мушгиад авна даа гэхэд нь:
Шаазгай хүү дахиад нэг өндгөө өгчихжээ. Аргат шар үнэг ингэж шаазгай хүүгийн долоон цагаан өндгийг өдөр бүр нэг нэгээр нь зөөж идсээр байгаад ганцхан өндөгтэй үлджээ.
Шаазгай хүү ганц өндгөө тэврээд өндгий минь нөгөө үнэг хэзээ ирээд аваад явдаг болдоо гээд уйлж суутал нэг хулгана гүйж ирээд:
-Шаазгай хүү! та юунд уйлаа вэ? гэхэд нь
-Би уйлалгүй яах вэ дээ. Долоон хөөрхөн цагаан өндөгтэй сайхан амьдарч байтал аргат шар үнэг өдөр бүр ирж өндгий минь зөөж идсээр байгаад ганцхан өндөгтэй үлдээлээ дээ гэв.
Хулгана:
-Та юунд өндгөө өгсөн юм бэ? гэхэд шаазгай хүү:
-Тэр үнэг гуай чинь газрын холоос тоос манаруулж ирээд алтан улиасыг минь хуга мөргөөд, алтан уургы чинь тас мушгаад хайртай хэдэн хэдэн өндгийг чинь хамаад явна гэх юм даа гэв.
Хулгана:
-Ээ, над эртхэн шиг хэлэхгүй дээ гэхэд шаазгай хүү:
-Би таны орд харший чинь хаа байдгийг мэлэхгүй юм даа гэв. Хулгана
-За одоо тэр үнэгийг хүрээд ирвэл газрын холоос тоос манаруулдаг туурай чинь аль вэ? Алтан улиасыг минь мөргөдөг эвэр чинь аль вэ? Алтан уургы минь хуга мушгида гар чинь аль вэ? гэж асуугаарай! Хэн энэ үгийг зааж өгөв гэвэл намайг хэлсэн юм гээрэй. Тэгээд өндгөө битгий өг гэжээ. Маргааш нь аргат шар үнэг чихээ сортойлгон, нүдээ жартайлгасаар бас шогшоод иржээ.
-Шаазгай хүү! Нэг өндгөө өгнө үү гэжээ.
Шаазгай хүү:
-Чи хамаг өндгийг минь идэж дуусгасан, үлдсэн ганц өндгөө одоо яасан ч өгөхгүй гэж уйлахад нь үнэг хамра сортогнуулж, сэрвээнийхээ үсийг босгоод газрын холоос тоос манаруулж ирээд алтан улиасыг чинь хуга мөргөөд, алтан уургы чинь тас мушгаад авна даа хө гэв. Шаазгай хүү нүдээ бүлтийлгэж хүзүүгээ сунгаж:
-Таны газрын холоос тоос манарулдаг туурай чинь аль вэ? Алтан улиасыг минь хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Алтан ургы минь тас мушгидаг гар чинь аль вэ? гэж хэлжээ.
Үнэг шүдээ яралзуулан, шүлсээ савируулж хумсаараа газар маажин байж:
Энэ үгийг чамд хэн зааж өгөв хөө гэв.  
Хулгана гуай гэхэд,
-Тэр хулгана чинь хаана байна гэсэнд:
-Би энд байна гэж хулгана хашгираад цааш гүйв. Үнэг жижэгхэн улаан амаа ангайгаад хойноос нь ухас хийгээд хулганыг үмхэв. Шаазгай хүү үмэр үмэр гэж идвэл өтөлсөн юм шиг муухай байдаг юм шүү! Ангар ангар гэж идвэл амттай шүү гэж хэлэв.
Үнэг ангар ангар гээд идэх гэтэл хулгана завьжаар нь мулт үсрээд мөсний завсараар гүйн ороход үнэг хойноос нь гүйж ирээд үмхэх гэтэл хэл нь мөсөн дээр наалдаад үхчихжээ.



Тайлбар:
1. Туурай, эвэр, сэрвээ, жартгай, жарвалзах, шарвалзах гэсэн үгийн утгыг тайлбарлана.
2. Амхай хулчгар занг цээрлэн, зоригтой ухаалаг зан үйлийг эрхэмлэдэг болгоно.
3. Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлнэ  













Семинар- 2               /Монгол ардын үлгэр/     Галуу мэлхий хоёр
            Эрт урьд цагт нэгэн нууранд хэсэг галуу, мэлхийн хамт оршин амьдардаг байжээ. Намар цагийн тунгалаг цэлмэг хөх огторгуйд өмнө зүгийг чиглэн аялах гэж байсан хэсэг галуун сүргийн өмнөөс балчиг намагт үүрд оршин насыг барсан өчүүхэн муу мэлхий шүлэглэн ийнхүү өгүүлэх нь:
            -Балчигт намгийн ёроолд нэг насыг барах гэгч юутай уйтгартай, юутай гаслантай вэ? Хязгааргүй огторгуйн уудамд цэнгэн зугаалах та нарын баясгаланг бахдан бахархана. “вааг вааг вааг” гэж вааглан дуулжээ. Гэтэл галуун сүргийн нэг хэлсэн нь:
-Араатан, жигүүрэн хэн маань ч амьтны аймгийнхан болохоор уйтгарт тэр мэлхийг урамшуулж, орчлон дэлхийн юмнаас үзүүлж, нүдий нь тайлъя. Гагцхүү авч явах аргыг бодоцгооё гэхэд нэгэн галуу даруй нэгэн бургасны мөчир авчирч:
-Энэ мөчрийн дундаас мэлхийг зуулгая! Тэгээд хоёр үзүүрээс нь бид хоёр дамнацгаая!гэжээ.
-Галуун сүрэг түүнийг зөвшөөрөн хүлээгээд бургасны мөчрийг аманд нь зуулгаж, хүчирхэг хоёр галуугаар дамнуулан нисэж оджээ.
Ийнхүү мэлхий аялж явахдаа “би ч бас гайхамшигтай эр юм даа. Далавчгүй байтлаа зэллэн ниссэн жигүүртнүүдийн бас манлайд нь явж байх” гэж бодож явав.
Тэгтэл хот айлуудын дээгүүр галуун цуваа зэллэн өнгөртөл хүүхэд шуухад амьтан хүн тэднийг үзэж:
-Харав уу! Та минь!
Тэр! Тэр! Хоёр галуу мэлхий авя явахыг нь хараач! Яасан уран аргатай ухаантай галуунууд вэ? гэж шагшин магтаж гайхалдан шуугилдахад мэлхий дотроо “галуунуудыг гайхаж магтаад байхаар юу байгаа юм бэ?” гэж бодож байв. Гэтэл намгийн мэлхиинүүд бас галуун цувааг харж шуугилдахад мэлхий тэвчиж ядан бусад нөхөдөө гайхуулан “Би энэ аргыг олсон юм” “Миний эр чадлын хүч” гэж хэлэх гээд
-“Би...би... миний миний!...” гэж өгүүлэх гэж амаа ангайтал зууж явсан бургасныхаа мөчрөөс салж газарт бяц унаж олон нөхдийнхөө өмнө хөгөө дэлгэсэн юм гэнэ билээ.




Тайлбар:
1. Балчиг намаг, үүрд оршин, зэллэн нисэх, жигүүртэн, зуух, огторгуй гэсэн үгийн утгад тайлбар өгнө.
2. Бардам сагсуу зан гаргаж нөхдийн ач тусыг үнэлэхгүй байхын хор нөлөөг ойлгуулна
3. Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлнэ  




Семинар- 3                 / Монгол ардын үлгэр/       Тэмээ, буга хоёр
            Эрт урьд цагт тэмээ одоогийн буганых шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй, мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон юмсанжээ.
            Иймд тэмээ, сүрлэг сайхан эвэртэйдээ их л  бие тоон эврээрээ ямагт гайхуулан хөөрөлддөг байжээ. Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээ олж үзээд сур жавхлантайгаа их л бахдан хараад огсож байжээ.
Тэгтэл энэ үеэр ойгоос буга гарч ирээд толгой бөхийлгөн мэхэсхийж гунигтайгаар хэлжээ.
-Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очи учиртай билээ. Ийм муухай мөлчгөр мухар духтай яаж очих билээ? Ядаж нэг цагийн төдий ч бол чам шиг ийм сайхан эвэртэй явж үзэхсэн, тэмээ чи өршөөж, өнөөдөр над эврээ түр өгөөч! Маргааш чамайг ус уухаар энд ирхэд чинь би эврийг чинь авчирж өгөмз гэж гуйжээ.
            Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр сүр үзэмжгүй харагдсан тул эврээ мулталж өгөөд “Ус уухаар ирэхэд минь заавал авчирж өгөөрэй! гэж захив. Сүрлэг сайхан чимэглэл болсон эврийг шүүрч аваад буга ойдоо орчив. Замд нь морь дайралдсанд буга хэнээс эвэр авснаа моринд хэлж өгчээ. Морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд очоод сүүлийг нь гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морьны үгэнд ороод сүүлээ бас сольчихжээ. Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүл хоёрынхоо аль альныг нь олж авч чадаагүй ажээ.
            Авлагатай амьтадтайгаа уулзаад эвэр сүүл хоёрыг нь эргүүлж өгнө гэж амласныг нь сануулахад цаадуул нь дооглон инээгээд, буга бас нэмж хэлсэн нь:
-Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний /шинэ/ сүүлийг газар хүрэхээр өгөмз гэжээ.
            Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор эвэргүй мухар мулзан болсон дүрсээ олж хараад дур нь гутаж толгойгоо сэгсэрдэг болсон гэх ба ус хэд балгаад энэ тэр уулын орой харж бугын эврий нь авчирж өгнө гэсэн болзоог санаад “Буга эврий минь авчирж яваа болов уу” гэж горьдож хардаг учраас тэр гэнэ. Бас бугын эвэр жилд нэг удаа булгарч унадаг нь тэр эвэр угаас бугад заяасан биш, тэмээнээс залилж авсны улмас тэгдэг гэнэ.


Тайлбар:
1. Өтгөн салаа, годон шодон, мөлчгөр, мухар мулзан, хөөрөлддөг, сэгсэрдэг, Тэх гэсэн үгийн утгыг тайлбарлана.
2. Бусад нөхдөө хуурч мэхлэхгүй үнэнч шударга байхыг эрхэмлэдэг болгоно
3. Хамтарсан жүжигчилсэн тоглолтоор хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ






Семинар -4           /Монгол ардын үлгэр/    Ганц эмгэн

            Урьд цагт нэгэн ядуу эмгэн баячуулд зарагдаж байсан юм байжээ. Зуд турхан болоод, амьтан нүгээд явчиж, ганц бие тэр эмгэн, нутаг дээрээ хоцорч гэнэ. Аргал түүх хөлгүй, ганцхан тулам будаатай юмсанж тэрнийгээ идэж дүүрчээ.
            Ганцхан аяга будаа илгэн туламд нь үлдэхэд, тэрнээ үнхэлцэгт хийгээд, тулмаа чанаад идчихжээ. Хормой хүрэхгүй аргалтай, мөлхөөд гарч чадахгүй, тэнхээ тамиргүй болоод байтал нь нэг их даарч хөрсөн жаал бүсгүй орж ирлээ.
-Авгай намайг дулаацуулаач!
-Ээ хүүхээ би одоо чамайг дулаацуулах байтугай, өөрөө аргаа бараад байна. Нутгийн аргал цасанд дарагдаад, хаяанд ганцхан хормой аргал байна. Тэрнийг түлж дулаацаа! Чи хаанахын хүн ингэж явдаг билээ.
-Авгай, би өнчин өрөөсөн хүндээ. Хүйтэн шуурганд гүйж, үхэх дээр тулж, танайд орж амь гарч байна. Танайд идэх юм байна уу? гэж.
-Ай тэртэй тэргүй гүйцсэн хүн би. Тэр хойд авдарт нэг ганцхан үнэхэлцэг будаа байна уу? Тэрнийг чи аваад ид! гэжээ. Үнхэлцгий нь авдарт хаячихаад будаагий нь идчихжээ.
-Ай үнхэлцгий нь нэг чанаж идье дээ ганц хормой аргалаа түлүүлж орхиод сууна.
Өнөөх өнчин хүүхэн, хормой аргалаар нь түлж дулаацаад үнхэлцэгтэй будаанд цадаад гадаа гарч, нэг хормой чулуу авчраад, тулганы дэргэд овоолоод нэг үлээгээд:
-За энэ хавар аянчинг иртэл галтай бай! гээд явчиж.
            Тэр чулуунаас нь гал гараад л их дулаан болчихож. Үнхэлцгийг минь авдарт хаясан билээ. Тэрнээ чанаж идье гэж, хаяанаасаа цас авчирч, гал дээр тавьж, үнхэлцгээ үзтэл өнөө өнчин хүүхний идсэн аяга будаа үнхэлцэгт нь байна гэнэ. Түүнийг нь баярлаад идчихжээ. Үнхэлцгээ дахиад авдартаа хийгээд, өглөө нь үзтэл дахиад л будаатай байна гэнэ.
            Тэгээд өнчин жаал охинд хормой аргалаа хайрлаагүй түлүүлж дулаацуулаад, үнхэлцэгтэй будаагаа хайрлалгүй идүүлсэн тэр ганц эмгэн, тулгандаа унтрашгүй галтай, авдартаа барагддаггүй үнхэлцэг будаатай болж хавар анчинг ирүүлж, амар сайхандаа жаргажээ.





Тайлбар:
1. Тулам, үнхэлцэг, аянчин, тулга гэсэн үгийн утгыг тайлбарлана.
2. Өгөөмөр энэрэнгүй, нинжин сэтгэлт хүний ажил үйлс нь санаснаар бүтдэгийг мэдүүлнэ.
3. Жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлнэ


Семинар -5        /Орос ардын үлгэр/      Өнхрүүш

Өвгөн эмгэн хоёр байжээ. Өвгөн нь эмгэндээ боов хийгээдэх гэжээ.
Эмгэн нь:
Юугаараа хийх юм бэ? Гурил байхгүй гэжээ.
Ай эмгэн минь авдрын ёроолыг малтвал
Атга гурил гарна
Савны ёроолыг шавхаад
Шанага гурил олдоно гэжээ.
Эмгэн авдрын ёроолыг малтаж
Атга гурил олж
Савны ёроолыг шавхаж,
Шанага гурилыг олж
Түүгээрээ бөөрөнхий боов хийгээд
Түүнийг хөргөх гээд цонхон дээр тавив.
Гэрэлтэй цонхон дээр хэвтэж байсан тэр боов
Гэнэт бөмбөрөн унаж
Цонхноос ханзан дээр
Ханзнаас шалан дээр
Шалнаас үүд уруу бөмбөрч
Босго дээгүүр харайгаад пинд орж
Пингээс саравчинд орж
Саравчнаас хашаанд орж
Хашаанаас хаалгаар гараад
Замаар бөмбөрч явлаа
Эмгэн гараад хэлэв:
-Боовыг дөнгөж хийгээд
Бодлогыг нь хийж амжаагүй байхад
Боов хүү минь бөмбөрөөд явчлаа.
Өвгөн гүйж гараад хэлсэн нь:
-Хавтгай боов хийсэн бол
 Хаанаас бөмбөрөх вэ?
Хайран боов оо
Харсаар байгаад алдав
Эмгэн:
-Болдоггүй тэр минь
Бондгонож өнхөрч явсаар
Хэн хүний зол болуузай
Хэрээ нохойн идэш болуузай
Өвгөн:
-Боовондоо чи бодлого өгч
Болгоомж оруулж өгөөгүй юм уу?
Ай зөнөг эмгэн! юу болдог бол доо
Бөөрөнхий боовыг замаар бөмбөрч явтал
Нэг туулай дайралдаад хэлэв:
Бөжин туулай над
Бөөрөнхий боов дайралдав
Азтай туулай иднэ гэхэд
Боов хэлэв:
-Босоо чихтэй туулай чи
Боов идэж чадахгүй
Чамд нэг дуу дуулж өгье! гээд дуулсан нь:
Амттай сайхан боовсон
Аятай сайхан боов сон
Авдрын ёроолоос авсан
Атга гурилаар хийсэн
Савны ёроолоос авсан шанага
Шанага гурилаар хийсэн
Өрөмтэй сүүгээр зуурсан
Өтгөн тосонд чанасан
Бөмбөрүүлж элдэж хийсэн
Бөөрөнхий боов би сэн
Гэрэлтэй цонхонд тавьсан
Гэнэт бөмбөрөн унасан
Өвгөн эмгэн хоёроос
Өөрийн чадлаар зугтаасан
Бүжин туулай чамаас
Бөмбөрөн зугтааж чадна гээд
Бөөрөнхий боовыг бөмбөрөн явчихад
Бөжин туулай дөнгөж бараагий нь хараад хоцорлоо.
Бөөрөнхий боовыг
Бөмбөрч явахад нь нэг чоно дайралдав.
-Азтай чоно над
Аятай хоол дайралдав
Амттай боов чамайг
Ах чинь би иднэ
-Хөх чоно чи
Хөөрхий намайг битгий ид
Би чамд дуу дуулж өгье! гээд
Амттай сайхан боовсон
Аятай сайхан боов сон
Авдрын ёроолоос авсан
Атга гурилаар хийсэн
Савны ёроолоос авсан шанага
Шанага гурилаар хийсэн
Өрөмтэй сүүгээр зуурсан
Өтгөн тосонд чанасан
Бөмбөрүүлж элдэж хийсэн
Бөөрөнхий боов би сэн
Гэрэлтэй цонхонд тавьсан
Гэнэт бөмбөрөн унасан
Өвгөн эмгэн хоёроос
Өөрийн чадлаар зугтаасан
Бүжин туулай дайралдахад
Бөмбөрөн зугтааж чадсан
Өлөн чоно чамаас
Өнхрөн зайлж чадна гээд
Бөөрөнхий боовыг бөмбөрөн явахад
Хөх чоно дөнгөж бараагий нь хараад хоцров.
Бөөрөнхй боовыг
Бөмбөрөн явтал
Бас нэг баавгай дайралдав.
Ойн эзэн надад
Олдсон боов чамайг
Одоо би иднэ гэжээ.
Майга хөлтэй маахай чи
Намайг идэж чадахгүй.
Амттай сайхан боовсон
Аятай сайхан боов сон
Авдрын ёроолоос авсан
Атга гурилаар хийсэн
Савны ёроолоос авсан шанага
Шанага гурилаар хийсэн
Өрөмтэй сүүгээр зуурсан
Өтгөн тосонд чанасан
Бөмбөрүүлж элдэж хийсэн
Бөөрөнхий боов би сэн
Гэрэлтэй цонхонд тавьсан
Гэнэт бөмбөрөн унасан
Өвгөн эмгэн хоёроос
Өөрийн чадлаар зугтаасан
Бүжин туулай дайралдахад
Бөмбөрөн зугтааж чадсан
Өлөн чоныг уулзахад
Өнхрөн зайлж чадсан
Майга маахай чамаас
Магад зайлж чадна гээд
Бөөрөнхий боовыг бөмбөрөн одоход
Баавгай дөнгөж бараагий нь хараад хоцров.
Бөөрөнхий боовыг тэгээд
Бөмбөрч явахад
Нэг үнэг дайралдав:
Боов хүү сайн байна уу?
Чи яасан хөөрхөн хүү вэ? гэж
Үнэг хэлсэнд боов дуулав.
Амттай сайхан боовсон
Аятай сайхан боов сон
Авдрын ёроолоос авсан
Атга гурилаар хийсэн
Савны ёроолоос авсан
Шанага гурилаар хийсэн
Өрөмтэй сүүгээр зуурсан
Өтгөн тосонд чанасан
Бөмбөрүүлж элдэж хийсэн
Бөөрөнхий боов би сэн
Гэрэлтэй цонхонд тавьсан
Гэнэт бөмбөрөн унасан
Өвгөн эмгэн хоёроос
Өөрийн чадлаар зугтаасан
Бүжин туулай дайралдахад
Бөмбөрөн зугтааж чадсан
Өлөн чоныг уулзахад
Өнхрөн зайлж чадсан
Майга Баавгай уулзахад 
Магад зайлж чадсан
Зальт үнэг чамаас
Зайлж бас чадна гэв.
Үнэг хэлжээ.
-Яасан сайхан дуу вэ?
Ганцхан миний нас хөгшрөөд, чих дүлий болжээ
Чи миний хамар дээр суугаад
Ганц удаа ч бол
Тэр сайхан дуугаа дуулж өгнө үү гэхэд
Боов:
Үнэгний хамар дээр харайж гараад дахин дуулав:
Амттай сайхан боовсон
Аятай сайхан боов сон
Авдрын ёроолоос авсан
Атга гурилаар хийсэн
Савны ёроолоос авсан
Шанага гурилаар хийсэн
Өрөмтэй сүүгээр зуурсан
Өтгөн тосонд чанасан
Бөмбөрүүлж элдэж хийсэн
Бөөрөнхий боов би сэн
Гэрэлтэй цонхонд тавьсан
Гэнэт бөмбөрөн унасан
Өвгөн эмгэн хоёроос
Өөрийн чадлаар зугтаасан
Бүжин туулай дайралдахад
Бөмбөрөн зугтааж чадсан
Өлөн чоныг уулзахад
Өнхрөн зайлж чадсан
Майга Баавгай уулзахад 
Магад зайлж чадсан
Зальт үнэг чамаас
Зайлж бас чадна гэхэд
-Гялайлаа, хүү минь,
Сайхан дуу дуулж өгсөн
Боов хүү чамд баярлалаа
Чиний дууг бас дахин
Сонсохсон гэж санаж байна
Чи миний хэлэн дээр суугаад нэг дуулаач гээд
Хэлээ гаргасанд
Боов хүү бодлогогүй болгоомжгүй учраас
Санасаргүй үнэгний хэл дээр хайрайн гарч суухад
Үнэг түүнийг хам гээд идчихжээ.




Тайлбар:
1. Ёроол, атга, шанага гэсэн үгийн утгыг мэдүүлнэ
2. Үнэг, чоно, туулай, баавгайн биеийн онцлог амьдрах орчинтой танилцуулна
3. Болгоомжгүй байдлаас ямар нэг аюулд хүрч болзошгүйг ойлгуулна .
4. Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлнэ




  Семинар -6               /Монгол ардын үлгэр/      Унага    

Буурал унагатай саарал гүү байж
Буурал унагандаа саарал гүү хэлж:
-Ээжээсээ бүү хоцор, ижлээсээ бүү тасар
Чогчиго аюулгүй, чоно аюултай
Бор чоноос болгоомжил гэжээ.
Энхрийлж хэлсэн, эхийнхээ үгэнд
Унаган буурал ухаарсангүй яваад
Ээжээсээ хоцроод, ижлээсээ тасраад
Ойд ганцаараа, орхигдож гэнэ дээ.
Буурал унага бухимдан сандарч,
Уйлж гэнэ, уулын цуурай элэглэж гэнэ
Хайрт ээжийнхээ халамжит үгийг
Хайхарсан бол хаанаас ингэх вэ?
Унага гэмээ ухаарч гэнэ
Уйлаад яах вэ? уулын шившиг
Орилоод яах вэ, ойн шившиг
Ээжээ эрье гээд
Уулын жимээр унага давхилаа
Хадан дундуур харайж гарлаа
Унага замдаа ууттай юмтай учиран зогслоо
Учрыг нь сонирхолоо.   
Үргэж бусгаж үнэртэж хөдөлгөж
Олон янзаар оролдож үзлээ
Ууттай тэр юм урваж хөрвөөд
Уран үгээр уянгалж хэлсэн нь:
-Санаагаар ирдэг, сайн амьтан
Хэн гэдэг вэ? хэлээч нэрээ!
Унага хариуд нь унгалдаж хэлсэн нь
Унага би байна, уутанд хэн байна?
Урваж хөрвөөд, уутат хэлсэн нь:
Ахын чинь нэр ачит - Бор!
Унага дүү минь ууланд ингэж ганцаар яах гэж яваа билээ?
Унага хариуд нь унгалдаж хэлсэн нь:
Ээжээсээ хоцроод, ижлээсээ тасраад
Ойд ганцаараа орхигдож төөрлөө
Адуун сүрэг аль уруу явсныг
Ах гуай та анхаарч мэдэв үү!
Урван хөрвөөд уутат хэлсэн нь:
-Адуу хаачсаныг ах чинь андахгүй
Урьдаар дүү минь уяаг тайлаад
Ухаант ахаа уутнаас гаргаач
Унага хариуд нь унгалдаж хэлсэн нь:
-Ухаант ах гуай уутанд ороод
Уяуулж боолгосны учир юу билээ?
Урваж хөрвөөд уутат хэлсэн нь:
-Уутан дотор, унтахадтавтай
Уяулж боолговол улам ч тавтай
Уутатын үгийг Унага үнэмшээд
Уяаг тайлаад уутыг нээтэл
Жартайсан нүдтэй жарвайсан амтай
Соотойсон чихтэй солбисон хөлтэй
Уурласан бор чоно уутнаас гарч гэнэ
Унага айгаад, ухаан алдраад
Хөдөлж чадалгүй хөшиж зогсжээ.
Уутат чоно гуай урхирч хэлсэн нь:
Унтсан намайг учиргүй сэрээдэг
Унага чамайг урж иднэ хөө
Унага хариул нь унгалдаж хэлсэн нь:
Уурт ах гуай уучилж үзээч
Уутнаас гаргасан ачийг санаач,
Уурт чоно гуай, ульж хэлсэн нь:
-Ачий чинь би бачаар хариулна
Тусы чинь би усаар хариулна
Ходоод хоосон хоолоо нэхсэн...
Олон үггүй одоо иднэ гээд
Уурт чоно гуай унагыг дайрлаа
Дэрсэн дотор чимээ гарлаа
Дэлдэн туулай дэгдээд ирлээ
Унаган буурал унгалдаж хэлсэн нь:
-Ухаант туулай учирыг ялгаач!
Унага би чинь ухаангүйтээд
Уутнаас чоныг уучилж гаргалаа
Амь насы нь аварч өглөө
Тэгэхэд чоно гуай тэр ачийг минь
Бачаар хариулж барьж идэх нь!
Уурт чоно гуай урхирч хэлсэн нь:
-Унага намайг уутнаас гаргасан ...
Уутнаас гаргаад ундлах ёстой.
Дараа нь бас дайлах ёстой.
Ийм учираас би идэх нь зөв гэв.
Ухаант туулай учирлаж хэлсэн нь:
-Эрхэм чоно та энэ муу уутанд
Багтсан гэдэг башир үг биз
Хэрэв та уутанд хээвнэг багтвал
Наад муу унагаа идэх чинь зөв
Намайг дээр нь идээрэй гэв.
Ховдог чоно гуай хосгүй баярлаад
Үгээ буцахгүй биз үзүүлээд өгье гээд
Сүүлээ шарваад, шүлсээ залгиад
Ульж хөрвөөгөөд уутанд орж гэнэ
Унага ухасхийгээд уутыг боож гэнэ
Ухаант туулайг тэврээд үнсэж гэнэ
Ууттай чоно гуай урваж хөрвөөжээ
Ууртай чоно гуай ульж гасалжээ
Дэлдэн туулай дэгдэн бүжиглэжээ
Унаган буурал, унгалдан дүүлжээ
Уутласан чоныг өвчих гээд анчин ч ирж гэнэ
Унаган бууралыг аваачих гээд адуучид ч ирж гэнэ






Тайлбар:
1. Чогчиго, үргэж бусгах, урваж хөрвөөх, соотойх, солбих, урхирах гэсэн үгийг тайлбарлана
2.Ахмадын сургаалийг биелүүлдэг, нөхдийн ач тусыг үнэлж дүгнэдэг үзэл төлөвшүүлнэ.
3. Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ   


















Семинар – 7           /Ш. Перро/          Улаан малгайт

            Эрт урьд цагт нэгэн тосгонд дэлхий дээр ховорхон заяах хөөрхөн бяцхан охин суудаг байжээ. Эх нь түүндээ ухаангүй хайртай байхад эмэг эх нь түүндээ бүр илүү хайртай байжээ. Ач охиныхоо төрсөн өдрийн ойд зориулж, эмэг эх нь улаан малгай бэлэглэжээ. Түүнээс хойш охин хаашаа юунд ч явсан өнөөх гоё улаан малгайгаа өмсөж явдаг болсонд, айлынх нь хүмүүс:
            -Улаан малгайт маань л ирж байна гэж ярилцдаг байв. Эх нь нэг өдөр аттай хуушуур хийгээд охиндоо:
            -Улаан малгайт аа! Чи эмэг ээждээ хуушуур, савтай тос хоёр аваачиж өгөөд бие нь ямархуу байгааг мэдээд ир! гэж хэлэв
            -Улаан малгайт юмаа аваад эмэг эх дээрээ очихоор өөр тосгон уруу явжээ. Охиныг ой модоор явж байтал нь нэг саарал чоно тааралджээ.
Чоно улаан малгайтыг идэх гэж хүссэн боловч модчингийн мод цавчих сүхний дуу ойрхон дуугараад байхаар зориг нь хүрсэнгүй.
            Улаан малгайтад ойртов.
            Улаан малгайт чонотой дайралдах нь аюултай гэдгийг огтхон ч мэдэхгүй учир чонотой мэндлээд:
-Эмэг эхдээ энэ хуушуур, тос аваачиж өгөх гэж явна гэв.
Чиний эмэг эх чинь хол байдаг уу? гэж чоно асуув. Нэлэдэд зайтай, тэр харагдаж байгаа тосгонд, тээрмийн цаана тосгоны захын нэгдүгээр байшин гэж Улаан малгайт хариулав.
Тэгвэл би ч гэсэн эмэг эхий чинь үзэхийг хүсэж байна. Би энэ замаар явъя, чи тэр замаар яв, хэн нь түрүүлж хүрэхээ үзье гэж чоно хэлэв. Чоно өөрийнхөө дөт гэсэн замаар гүйв. Харин улаан малгайт охин хамгийн тойруу замаар зам зуур зогсож цэцгийн баглаа хийхээр цэцэг зулгаасаар яаралгүй явав. Охиныг тээрэм ч хүрч амжаагүй явахад чоно хэдийн эмэг эхийн байшинд хүрч үүдий нь тог тог хийтэл тогшив.
            -Хэн бэ? гэж Улаан малгайтын эмэг эх асуухад,
            -Би байна, таны охин Улаан малгайт, танд хуушуур, тос авч айлчилж ирлээ гэж чоно нарийн дуугаар хариулав.
            Энэ үед тэр хөгшин өвчтэй, орондоо хэвтэж байжээ. Тэгээд үнэхээр Улаан Малгайт ирлээ гэж бодоод:
            -Охин минь наад олсноосоо тат тэгэхлээр л үүд чинь онгойно гэж хашхирав. Чоно олсноос дугтармагц хаалга нь онгойв.
            -Гурва өдөр юу ч идээгүй өлсгөлөн чоно хөгшин тийш үсэрч, хүүе гэхийн зав өгөлгүйгээр түүнийг залгичхав. Тэгээд үүдий нь хааж, хөөрхий хөгшний ороон дотор орж хэвтээд, Улаан малгайтыг хүлээж байв.
            Охин удсан ч үгүй хүрч ирээд үүдий нь тог тог тогшив.
            -Хэн бэ? гэж чоныг асуухад чонын дуу бүдүүн яхир сонстон. Улаан малгайт их л айснаа, эмэг эх минь магад салхинд цохиулан хоолой нь сөөсөн байх даа гэж бодоод:
            -Би байна, охин чинь, танд хуушуур тос, авчирлаа гэж хэлэв. Чоно ханиалгаж байгаад нарийн дуугаар,
            -Охин минь, наад олсноосоо тат, тэгэхэд л үүд чинь онгойно гэв. Улаан малгайт олсноос нь татмагц хаалга нь онгойв.
            -Охиныг байшинд ороход чоно хөнжил доогуур нуугдаж:
            -Охин минь хуушуураа ширээн дээр, тосоо тавиур дээр тавьчихаарай, тэгээд өөрөө миний хажуугаар хэвт, хөөрхий чи минь их л ядраа биз гэв. Улаан Малгайт, чонын хажуугаар орж хэвтээд:
            -Хөгшин ээж ээ, яагаад гар чинь ийм том байгаа юм бэ? гэж асуухад:
            -Чамайг чанга тэврэх гэж ийм болсон юм охин минь гэв.
            -Хөгшин ээж ээ, ямар учраас чих чинь ийм том байгаа юм бэ? гэхэд
            -Юм сайн сонсох гэж тийм байгаа юм охин миньгэв
            -Хөгшин ээж ээ, яагаад шүд чинь тийм том байгаа юм бэ? гэхэд
            -Аан энэ бол чамайг түргэн идэхийн тулд ийм том болсон юм охин минь гээд Улаан Малгайтыг “Хай” гэхийн завгүй муу гайхал чоно гутал малгайтай нь залгичихав.
Харин аз болж энэ үед байшингийн хажуугаар сүхээ мөрөндээрээ тавьсан түлээчингүүд явж байгаад, байшинд их чимээ гарахыг сонсоод орж, нөгөө чоныг алж гэдсийг нь хага яртал Улаан Малгайт дараа нь эмэг эх гарч ирэв. Тэгээд хөөрхий хөгшин эх, ач охинтойгоо ямар ч аюул гэмтэлгүй эсэн мэнд уулзав.


Тайлбар:
1. Тосгон, модчин, тээрэм, дөт, түлээчин гэсэн үгийн утгыг тайлбарлана
2. Зальт муу санаа өөрийг нь хорлон аюулд хүргэдгийг ойлгуулна
3. Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлнэ












Семинар-8           /Д. Базаррагчаа/            Өрөм        
           
            Ээж нь Бадарчид өрөм өгчээ. Амттай өрөм дахин идэх хорхойг нь хүргэжээ. Бадарч ээжийнхээ дэргэд очоод:
            -Хагалсан модоо оруулах уу
            -Тэг дээ хүү минь
            - Бадарч хагалсан мод тэвэр, тэврээр зөөн оруулж, зуухны дэргэдэх хайрцаганд дүүргэв.
            -Ээж ээ! Аягаа угаах уу?
            -Угаа, угаа Хүү минь
            Бадарч аяга тавгаа угааж дууслаа.
            -Ээж ээ! Ширээ арчих алчуур хаана байна гэлээ.
-Ээж нь инээд алдаж:
            -Миний хүү ажилсаг сайн хүү байна гээд духан дээр нь үнэсэж, даргар өрөм аяганд нь дахин хийж өглөө.



Тайлбар:
1. Өрөм, тэвэр, тэврээр, хагалсан мод, зуухны дэргэдэх хайрцаг /дөрвөлж/ утгыг тайлбарлана
2. Ажил хөдөлмөр хийж ахмад хүмүүс эцэг эхдээ туслах хэрэгтэй гэдгийг хэлж өгнө.
3. Зохиомжилон хамтарсан багаар жүжигчилэн тоглож хэл яриаг хөгжүүлнэ       
        
 



      
           
     
            



     Семинар –9     /П. Хорлоо/           Туулайн бүжин

            Чонын бэлтрэг, муурын зулзага, туулайн бүжин гурав нэг дор амьдарч байжээ. Нэг өдөр гурвуул явж хоол олж идэхээр ярилцав.
-За чи яаж хоол олж идье гэж бодож байна? гэж муурын зулзага чонын бэлтрэгнээс асуужээ.
Би ч аав ээж шигээ явж хурга барьж идье гэж бодож байна. Харин чи яая гэж бодож байна? гэж бэлтрэг хариу асуув.
-Ай зүйтэй, чамайг хурга бариад ирвэл би бас айлын хоолны махнаас нэг хэсгийг хулгай хийгээд ирж чадна шүү гэж муурын зулзага хэлэв.
За тэгвэл хоёул, хоёр тийшээ явъя. Юу ч болсон туулайн бүжингээс асууя гэж бэлтрэг зулзага хоёр хоорондоо тохироод бүжин дээр ирж:
-За муу чадалгүй бүжин чи яаж хоол олж идье гэж санаж байна гэж бэлтрэг омогтойгоор асуув.
 Туулайн бүжин хойд хоёр хөл дээрээ сууж дэлдэн чихээ дэлбэлзүүлэн байж хэлсэн нь:
-Би өөрийн чадлаар өвсний үндэс ухаж, модны холтос мэрж идье гэж бодож байна гэхэд бэлтрэг бүр дургүй нь хүрсэн бололтой хялайж байв. Муурын зулзага ч төдий л тааламжгүй байдлаар нүдээ анивчин, хөлнийхөө шилбийг долоолоо.
-За тэгвэл хоёулаа явж эр чадал, арга залиараа хоолоо олж идье. Энэ муу бүжин өвсний үндэс, модны холтос идээд турж үхвэл үхэг, бидэнд ямар хамаа байна. Хоёул явъя гэж бэлтрэг зулзганд хэлэв.
Бүжин тэр хоёрыг ихэд шоолсон байдалтайгаар инээмсэглэж:
-Та хоёр их чадалтай, заль мэхтэй амьтан юм.
-Тэгэхдээ та хоёрын чадал, аль бол газар бүрийн түмэн амьтанд жигшигдэх муу заль, тэнэг чадал байна даа. Би ч бас чадалгүй дорой амьтан биш шүү. Харин ариун цагаан сэтгэлээр, өөрийн хүч хөдөлмөрөөр хоолоо олж идвэл түмэн амьтан намайг буруушаахгүй байх гэж бодож байна гэв.
            Бэлтрэгний уур бүр хүрсэн бололтой сэрвээнийх нь үс босож, эв муутай завьж нь татвалзаж уурсан:
-Хүүе, энэ бүжингийн хэлж байгааг дуулав уу? Өөрийгөө бас чадалтай зальтай амьтан гэнэ. Тэгээд бас бид хоёрыг түмэн амьтанд жигшигдэнэ гэнэ шүү. Өөрөө ёстой чадал тамиргүйдээ жигшигдэнэ дээ гэхэд муурын зулзага алгуурхнаар эвшээлгэн саяхан ургасан хэдэн урт хялгасан сахлаа, хумсаа хумхисан хөлөөрөө арчиж:
-Энэ муу бүжин арга чадалгүй болохоороо бид хоёр атаархаж байхгүй юу даа. Би ерөөс туулай,  зурам мэтийн амьтныг харахаас дургүй минь хүрдэг юм гэж ихэмсэгээр хэлэв.
            Бүжин хоёр чихээ өргөж нэлээд зоримгоор:
            -Би ч та хоёр шиг муу заль, тэнэг чадал гаргая гэвэл чадна, тэгэхдээ олон аьтны сэтгэлийг зовоосон тийм муухай юм хийхийг хэзээ ч хүсэхгүй, гагцхүү үнэн шударыг эрхэмлэнэ. Та хоёр харайхаараа ч миний өмнө гарахгүй, дэвхрэх дэгдэхээрээ ч миний түрүүнд орохгүй. Билэг авъяасаараа ч арай давахгүй байх. Гэвч би та хоёры өмнө бардаж байгаа юм биш шүү. Өөртөө байгаа хүч чадалдаа өөрөө итгэж байгаагаа хэлж байна. Мэдэв үү? гэв.
Бэлтрэг:
-За за явъя. Энэ муугийн үгийг сонссоноос хоол олох газраа эртхэн очсон нь дээр. Явъя гэж муурын зулзаганд хэлтэл тэр нь урьдахаасаа нэлээд зөөлөрсөн шинжтэй нэг нүдээ аньж сахлаа хөдөлгөн үг ч хэлсэнгүй дуугүй хэвтэв.
-Хэрэв та нарыг ариун шударгаар амьдаря гэвэл би та нарт тусалж, амттай зөөлөн махы чинь олж өгч болно шүү гэж бүжин дахин хэлэв.
-Чи яаж олох вэ? Чамд хэн мах өгөх юм бэ? гэж бэлтрэг асуув.
-Хэн ч өгч болно. Ариун шударга юманд араатан жигүүртэн аль аль нь ч гэсэн тусална шүү гэж бүжин хэлэв.
-За бас худал хэлэх нь, явя гэж бэлтрэг муурын зулзагыг урт хөлөөрөө хэд самардсан боловч зулзага хөдөлсөнгүй, зөвхөн нүдээ үл мэдэг нээж:
-За юу  болсон ч үүнийг мах олж ирэхийг үзье. Хэрэв мах олж ирэхгүй бол бид чамайг яах вэ? Бид хоёрын эрх биз дээ? гэхэд бэлтрэг угтаж аваад:
-Мах олж ирэхгүй бол бид хоёр чамайг барьж аваад хувааж залгина шүү гэв.
-За тэгээрэй,би мах олоод ирье гэж бүжин хэлтэл чонын бэлтрэг:
-Өө дэмий, зулзагаа! Наад муу чинь худал хэлж хуурч байна. Хоёулаа явъя гэж ахин самардахад муурын зулзага дуртай дургүй босож суниав. Ингээд хоёулаа нэлээд холдоод бэлтрэг зулзагнаас асуусан нь:
-Би ч үнэндээ бүжингийн харайх дэгдэхийг гүйцэхгүй шүү. Чи гүйцэх үү? гэхэд зулзага:
-Би ч гүйцэхгүй, бараагий нь харахгүй гэв.
            Ингээд нэг нь хурга барихаар, нөгөө нь мах хулгай хийхээр хоёр тийшээ явжээ. Чонын бэлтрэг ойролцоо хаваржаан дээр байгаа айлын хурганаас нэгийг барихаар аваад хурга хариулсан хүүхэдтэй хамт явсан хоточ нохойд хөөгдөн уруулаад арай ядан амь гарч зугтан иржээ.
            Муурын зулзага нэг айлын илүү гэрт орж хатаасан борцноос нь нэгийг авах гэж яваад хавханд орж, айлын авгай орж цохиж алахад хүрэхэд нь бүжин очиж арга учрыг хэлэн авран авчээ. Гэртээ буцаж ирээд бүжин:
-За хулгай хийнэ, хурга барина гэдэг ямар байна? гэж нөгөө хоёроосоо асуужээ.
-Ээ, бүжинхий минь, айхтар байна.Бид хоёр чинь одоо хаширлаа. Хулгай хийж, хурга барихаа болъё. Чи минь бид хоёрт мах олж өг! зэрэг зэрэг уйлалдан гуйж гэнэ.
-За тэгье би мах олоод ирье! Та хоёр эндээ хүлээж байгаарай гэж бүжин хэлээд, бэлтрэг зулзага хоёрын уруулсан зодуулсан шархы модны үндэсээр эмнэж өгөв. Тэгээд хойд хоёр өндөр хөл дээрээ босож, алсын барааг нэг хараад дэлдэн чихээ дэлдэлзүүлэн дэрсэн дундуур дэвхрэн дэгдэн явлаа.
Бүжин урьд таних уулын өвгөнийд дэгдэн очлоо. Уулын өвгөн алсаас бүжингийн барааг харж,
Туулай туулай тонгос тонгос
Туулайн бөгс ондгос
Хоёр чих нь дэлдгэс
Хоёр нүд нь бүртгэс гэж угтан авав.
Бүжин өвгөний өмнө ирж хэлсэн нь:
-Надтай хамт байдаг бэлтрэг, муурын зулзага хоёр үгэнд минь оролгүй хурга барина, хулгай хийнэ гэж явж байгаад нэг нь хоточ нохойд хөөгдөж, хонго борвио уруулаад иржээ. Нөгөө нь үхтлээ зодуулаад, арайхийж амьд гарав. Тэгээд би тэр хоёрт мах олж өгөх гэж ирлээ. Өвгөн гуай та надаар чихэр өвсний үндэс ухуулж аваад оронд нь тэр хоёрыг цатгах мах өгнө үү? гэв. Уулын өвгөн дуртай зөвшөөрөв. Бүжинхий хоёр том бутны ёроолыг ухаж чихэр өвсний үндсийг гаргаж өгөв. Тэгэхэд нь уулын өвгөн хоёр хэсэг том мах авч өгөөд:
-Чи өдөр бүр ирж над өвсний үндэс гаргаж өгөөд мах авч байгаарай гэж хэлжээ.
Бүжин тэр хоёр махыг авчирч  зулзага бэлтрэг хоёрт өгчээ. Үүнээс хойш бүжин өдөр бүр уулын өвгөнийд очиж чихэр өвсний үндсийг ухаж өгөөд мах авч өнөөх хоёроо тэжээдэг болов. Нэг өдөр бүжинг ажилдаа явсан хойгуур бэлтэг гэдэс нь цатгалан боловч сэтгэл нь ховдог хэвээр  байсан учир  муурын зулзаганд:
-Зулзага аа:хоёул явъя хурга барьж идье мах хулгай хийе гэв.
-Үгүй би хаширсан. Бүжингийн үгнээс гарахыг байя гэж муурын зулзага хариулав.
-Чи байг! Би явж хурга барьж иднэ гээд бэлтрэг хурга барихаар гарч өгчээ.
Түрүүчийн айлын хурган дэр очвол хонгодох болов уу гэж айгаад өөр нэг айлын хурга уруу гэтэж явав. Гэтэл санаа муут яван хатна гэгчээр анчин тааралдаад бэлтрэгийг буудан алжээ.
Муурын зулзага үүнээс сургаал авч хулгай хийх санаагаа бүр орхиод туулайн бүжинтэй хоёул эв найртай нэгдэн суух болжээ. Бүжин муурын зулзагыг өдөр бүр дагуулж өвсний үндэс ухуулж сургасан тул сүүл сүүлдээ өөрөө уулын өвгөнд өвсний үндэс ухаж өгөөд оронд нь мах иддэг болжээ.


Тайлбар:
1. Бэлтрэг, зулзага, жигших, шилбэ, зурам гэсэн үгийг тайлбарлана
2. Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна зүйрлэл татаж буруу үйлийг жигшүүлэн, бусдын ач тусыг хүндлэн үзэж, эвсэг хамтач байх үзэл төлөвшүүлнэ.
3. Хамтарсан багаар жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлэх











 Семинар -10       /Т. Галсан/             Миний аав

Хацар дээр минь бичиг байна
Харуутаа уншдаг хүн: Аав л байна
Айлын маамууг уйлуулчихаад харихаар
“Аав нь” хүүдээ Гомдлоо! гэх юм
Хөдөөний эмээд зам заагаад ирэхлээр
“Хүүдээ аав нь Баярлалаа” гэх юм
Өргөн духан дээр минь бичиг байна
Үзүүтээ уншдаг хүн Аав л байна
Тоглоомынхоо машиныг эвдээд нуучихсан чинь
“Тон ч тоогүй дээ Жолооч минь!” гэлээ
Энхээ найзтайгаа, Элбээд засчихсан чинь
“Овоодоо Миний инженер” гэлээ
Миний нүүрэн дээр бичиг байна
Мэдчихдэг хүн аав л байна.


Тайлбар:
1. Тон ч тоогүй, овоо доо гэсэн үгийг тайлбарлана.
2. Дүү нар, үеийн нөхөд, ахмад хүмүүсээ хүндлэх, эвдчихсэн тоглоомоо засаж сэлбэхийг эрхэмлэсэн аав, ээжийн сургаалийг биелүүлж тэднийг баярлуулдаг эрмэлзлэл төлөвшүүлнэ.











Семинар- 11   /Д. Маам/        Хавар

Хундан хонь минь
Хавар төллөдөг
Хув зусаг минь
Хавар ишэглэдэг
Хүрэн үнээ минь
Хавар тугалладаг
Хүрэгч гүү минь
Хавар унагалдаг
Хайртай ингэ минь
Хавар ботголдог
Хамаг идээ
Хавар дэлгэрдэг
Усны шувуу хавар ирдэг
Ургамалын түрүү
Хавар ургадаг
Хавар ханагархан хавар
Хайрлан ханашгүй хавар



Тайлбар:
1. хундан цагаан, хув зусаг, хүрэгч гүү, ханагархан гэсэн үгийг тайлбарлана
2. Мал хэдийд төллөдөггийг мэдүүлж эх ба төл малын тухай ойлголтыг бататгана


 
                                    
                  

                                                 
      Семинар – 12            /Г. Болормаа/       Сэнж хад                       

            Эрт урьд цагт байц хадтай уулын өвөрт нэгэн айл өвөлжиж байжээ. Тэднийх нэг хүүтэй гэнэ. Хүү нь өглөө, орой малдаа явахдаа айж цочиж, аав ээждээ хачирхалтай зүйл үзсэнээ ярьдаг болж гэнэ. Гэтэл өвгөн:
-Өсөхөөс өтөлтлөө л энэ газар оронд амьдарсан хүн би. Ямар юмных нь хөх гал маналзаад байна гэнэ. Адуу янцгаагаад байна гэнэ. Ишиг дэгдэж яваад тэр хад руу ороод алга болчихлоо гэнэ. Чи юу яриад байгаа юм. Айж балмагдаж, хий юм харвал өвчин тусдаг юм. Ингэж болохгүй” гэж хэлэхэд хүүгийн айдас арилсангүйд ээж нь:
-Өвгөн минь дээ. Мэрэгч төлөгчөөс асуувал яасан юм.Ингэж байгаад хүү минь... гэтэл өвгөн нь:
-Би одоо очоод юу болоод байгаага нь мэдээл ирье..гэж хэлээд бүрэг тараг үдшээр явав гэнэ.Эмгэн балмагдаж:
-Ямар юм нь энэ өвгөнийг дуудаад авч явна вэ гэж хэлээд, уйлж суулаа. Гэтэл өвгөн нь удалгүй буцаж ирэхдээ нүд нь орой дээрэ гарчихсан:
-Эмгэн минь маргааш өглөө эндээс нүүе. Уул ус хилэгнэсэн байна ... газар орныг минь хар буруу санаатан эзэлжээ. Арай өнөө шөнөдөө ирээд түйвээчихгүй байгаа.. гэж хэлээд дэвхэрч цовхчиж гэнэ. Эмгэн хүү хоёр айж, гэрт дуулиан шуугиан дэгдэж байхад өвгөн арай гэж тайвширч, удсангүй өглөө ч болж гэнэ. Гэтэл хаврын урь хэдийн орсон байтал сахал үс нь цантаж бууралтсан залуухан хүн тэднийд ирээд, дагжин чичирч гал түлж дулаацуулж өгөхийг гуйжээ. Эмгэн түлээ оруулахаар гарахдаа:
-Мандах нарны цацраг тийш харж зогсож байгаад уул хангайдаа залбирч гэнэ. Тэгж байгаад удалгүй л гэртээ орж, гал өрдөж, цай чанахад нөгөөх эр тайвширч болсон явдлаа ярихтайгаа болов гэнэ. Энэ залуу эр малын эрэлд явж байгаад төөрч хаваржааны эхэн өөд байдаг хяр газрын өрхөнд очиж хоноглохдоо шөнөжин дайснуудтай тулалдаад эцэст нь баригдаж хүлэгдээд, цэвдэг газарт цөлөгдөөд өглөө үүр цүүрээр сэрж ирсэн нь энэ аж. “Гэнэт, ээжийн минь дүр зүүдэнд харагдаж, сацал өргөж байх шиг. Ээжээ ... гэж хашгирсан бололтой. Босоод хартал дайснууд унтаж байна. Би зугтаж яваад эргээд хартал уранхай муу хувцастай эмгэн намайг эргээд ирээрэй” гээд уйлаад даллаад байна. Гэтэл хараад байтал тэр эмгэн ээж минь бололтой. Би зогтуссан ч саахалтын газарт хүрэх тэнхэлгүй ээжийгээ энд ирэхгүй гэдэгт итгэж зугтаж гарлаа...” гэж тэдэнд ярьжээ.
Өвгөн залуу эрийн үгийг сонсоод шөнө харагдсан олон нүцгэн хүний дүр төрх дахин харагдах шиг болсонд нүдээ тас аньснаа больж:
Улаан чулуутын сэнж хаданд чөтгөр үүрлэсэн байна. Юунд дайсан байх билээ. Надад арай өөр дүр төрхтэй юм харагдсан гэж хэлээд тэр дороо л нутгийн мэргэн удганд бараалхаж гэнэ. Удган ч мэргэлж гэнэ. Тэгээд:
-Улаан цохиог сэт харвах юм бол нар тусаж, гай барцад арилна гэж айлджээ. Ингэд удган Нирун овгоо дуудаж шөнөжин бөөлөөд өглөө наран мандах цагаар нутгийн баатар эрээр цохиог сэт харвуулан гай барцадыг дарсан гэдэг. Энэ цагаас хойш нутгийнхан амар амгалан амьдарч, тэр бүү хэл сэнж хадны нүхээр орж гарахад барцад арилдаг гэсэн домог яриа дэлгэрсэн гэдэг.
Тайлбар :
1. өтөлтлөө, залбирч, гал өрдөж, газрын өрхөнд, овгоо үгийн утгыг тайлбарлах
2. үлгэр домогт гардаг чөтгөр ад зэтгэрийг үйл шиг бусармаг мууг даран сөнөөх нь зөв гэдгийг ухааруулах 
3. Жүжигчилсэн тоглолтоор  үзүүлэх
Семинар -13        /Г. Болормаа/  Зарааны үс яагаад өргөс болсон бэ

            Эрт урьд цагт нэгэн зараа, могой хоёр эв түнжин хагарч, өш хонзонгийн улмаас дайтаж гэнэ. Ширүүн тулалдаан болж тэдний хөлд жижиг амьтад ихээр өртжээ. Жижиг шавьж амьтдын үр сад үймэлдэн гашуудаж, зарим нь зараа, могой хоёрын тулалдаанаас дайжиж, төөрч явжээ. Үр зулзгаа хайсан, ээж аавынхаа амь эрсэдсэн тулалдаанаас балмагдаж эмээсэн амьтдын үймээн хоромд л газар авч гэнэ. Зараа, могой хоёрын тулалдаан зогсох нь битгий хэл хүрээ нь өргөжсөнд бусад амьтад ч айжээ. Тулалдаанд могой илт давуу байх юм гэнэ. Могой улаан цурван зарааны хошуунд хэлээ хүргэхэд зараа атиралдан унаж, ухаан тавихын цагт тэр нутгийн нэгэн баатар эр гэнэт гарч ирээд могойг харваад алчихаж гэнэ. Гэтэл тэд хоёр өөр толгойтой чулуу болоод тогтчихжээ. Ингээд үймэн самуун намжиж, цугларсан амьтад тарж явахын цагт нэг нь могой, нөгөө нь зараа толгойтой чулууны дэргэд зарааны хоёр зулзага сөхөрч суугаад бахиран уйлж гэнэ. Энэ цагт зараа биенийхээ гадуур ямарч үсгүй улцгар ягаан арсьтай амьтан байсан юмсанж.
Харин могой дээрхийн их хаанд өдөржин шөнөжин бараалхаж, заримдаа хов зөөж тал зассаар байж хэлэндээ ихэд ид шилийг олж авсандаа зараанд бардамнаад тэвчээрийг нь барсанд ийм тулалдаан болоход хүргэсэн юмсанжээ. ...
Харин зараа сэтгэл сайхантай амьтан учраас бусдад хор хөнөөлгүй зөнгөөрөө л амьдардаг ч нандигнаж иддэг зүйлийг ганцхан “хап” гээд залгичихдаг ховдог зан нь могойн дургүйг хүргэснээр тулалдаан эхэлсэн гэдэг.
Нэгэнт амь эрсэдсэн ээжийнхээ хүчин мөхөсдсөн тулалдааныг нүдээрээ харсан зарааны зулзаганууд ингэж арга тасран уйлж суухыг дээрхийн хаан хараад ихэд өрөвдөж тэднийг дуудаж дэргэдээ суулгаад:
-Зарааны үрс та нар уйлаад яахав. Амьтны нэгэн адил биеэ хамгаалах хувь болгож өргөсөн бүрхүүлийг та нарт өгье. Та нар өргөсөөр биеэ хучиж амьдар. Зараа гэгч амьтан дотор сэтгэл шигээ гэмгүй нэгэн байж бусдад сул дорой харагдаад хэрэггүй. Их ууртай догшин дүрийг олж амьдарцгаа... гэж хэлээд явуулсан гэдэг.
Энэ цагаас эхлээд зараа өрсөлдөн ирсэнтэй өршөөлгүй тулалдах “зэвсэгтэй “ болсон нь энэ гэдэг. Зараа анх төрөхдөө улаан цурав байдаг ч алхам бүрийд дайсан тулгарна гэж эмээсэндээ өргөсөн бүрхүүлээ хэдхэн хоногийн дотор ургуулж төлжүүлдэг гэдэг.

Тайлбар:
1. түнжин хагарах, өш хонзон,  бараалхах, үгийг тайлбарлаж ойлгуулах
2. хоорондоо эв эвдрэлцэхэд бусдад бас хор уршиг тарьдагийг ухааруулах
3. Жүжигчилсэн тоглолтоор үгүүлэх







Семинар- 14          /Г. Болормаа/           Ам цагаан хулгана

            Эрт цагт нэгэн хошууны ноён улс нутгийнхаа тусгаар тогтнолын тусын тулд зан үйлийн томоохон ёслол үйлдэх болж гэнэ. Энэ ёслолыг зан үйлийн эрхэм дээд хэмээн цагаан ёсны баяр хийхээр товлож, ганцаар торойж тогтох овооны эхэнд өрх бүрийхэн идээ цагааг дэлгэж, өвгөд настнаа дээдлэхийг ард олондоо дамжуулж гэнэ. Ингээд баяр эхэлжээ. Хошуу ноён хүн бүхэнд насан хутгийг ерөөгөөд, дараа нь ах дүү олноороо овоогоо гурвантаа тойрч, ёслол хүндэтгэл өргөн дэлгэр болж байлаа. Хошуу ноён маш их баяр баясгалантайгаар ард олонтойгоо толгой дохин хүдэтгэл үзүүлээд үг хэлэх гэтэл овооны дэргэдээс нэг хулгана гарч ирээд “жив жив” хэмээн дуугарчихаад буцаад чулууны завсараар шургаад орчихож гэнэ. Ноён орчин тойрноо харсанаа магнайгаа илбээд дахин үг хэлэх гэтэл нөгөөх мөн л гарч ирээд урд хоёр хөлөө өргөж, цайвар цээжээ дэлдэж, цагаан хошуугаа ангалзуулж, нүдээ бүлтэлзүүлж эргэн тойрноо харж байгаад дахин “жив жив” дуугарчихаад чулууны завсараар гүйгээд орчихлоо гэнэ. Энэ бүгдийг харж амжсан хошуу ноён сая ам нээж:
-Зон олон минь. Энэ амьтад гэдэг чинь их ухаантай шүү. Юутай ч арван хоёр жилийн анх түрүүнд залардаг хулгана жил ирж байна. Бүгдээрээ хулганад будаа өгөх нь зүйтэй ... Дэлгэрэх болтугай ... хэмээгээд овоог тойрч будаа өргөж гэнэ. Тэгтэл түрүүчийн хулгана жил олон сүрэгтэйгээ цугаар гарч ирээд овоог гурвантаа тойрсноо, амандаа нэг нэг ширхэг будаа зуугаад чулууны завсараар орчихжээ. Хурсан хүмүүс цөм л:
-Гайхалтай юм. Манай ноён мөн ч ухаантай хүн шүү... Лус савдаг баярлаж байна... гэцгээж, машид баяслаа. Энэ цагаас хойш тэр нутагт идээ цагаа урьд жилүүдээс илүү их дэлгэрч, газар ногоо сайхан гарч гайхалтай сайхан зун болж гэнэ. Харин хошуу ноён нөгөөх овоо тахилгын үеийн сүрэг хулганын эв түнжин, ёс горимыг удаан эргэцүүлж бодсон гэдэг. Гэвч дорвитой зүйл ой тоонд нь орж ирэхгүй олон хоног сар бодолд дарагджээ. Ингээд нэг өглөө эртээ овоон дээр ганцаар ирж гэнэ. Орчинд нь юу ч байсангүй. Овоонд чулуу өргөчихөөд зориуд авч ирсэн будааг тойруулж өргөж гэнэ. Гэтэл ганц давжаа хөх хулгана гарч ирсэнээ завгүй гүйсээр нөгөөх будааг цөмийг нь зөөчихөж гэнэ. Ноён арвин их будаатай байсан тул дахин овоог тойруулж будааг өргөчиөөд ажиж байтал түрүүчийн хөх хулганы ах бололтой бор хулгана гарч ирээд будааг түүж дуусгажээ. Ноён дахиад л будаа цацлаа. Гэтэл нэлээд удсаны эцэст ам цагаан бор хулгана гарч ирсэнээ ноёны өмнө ирээд хүний хэлээр:
-Хошуу ноён таны үйлс дэлгэрэг гэж манай аав надаар дамжуулж байна. Та бидэнд өгсөн их будааныхаа оронд буян эдлэх болно... гэж хэлээд амнаасаа алтан зоос гульгиж гаргачихаад чулууны завсараар гүйж орох хооронд нөгөөх зоос өнхөрч явсаар ноёны өмнө ирээд тогтож гэнэ. Ноён түнийг авч алган дээрээ эргүүлж тавьбал гэнэт хувирч тав орчим настай хүүхдэд таарахаар яндаг торгон дээл болчихож гэнэ. Ноён энэ үед гүн санаа алдаж хайнгадуухнаар:
-Бурхан намайг буруу л таалж байна. Энэ чинь бүстэй хүүхдийн дээлийн байна шүү дээ. Надад гурван шар охин байдаг болохоос, хүү заяагаагүй өтөлсөн хүн. Үүнйг хэндээ ч өмсгөх билээ гэж бодоод гундуухан суулаа. Гэтэл ам цагаан хулгана дахин гарч ирээд:
-Аав минь дээ. Та гэртээ хариад авдрандаа байгаа өнөөг хүртэл хадгалж яваа самбай шиг болсон дээлийг зүүн өмнөд зүг гаргаж сэгсрээрэй. Тэр цагт та бидэн учирах болно ... гэж хэлчихээд буцаж гүйгээд чулуун овоондоо орчихжээ. Ноён учир нь ойлгогдохгүй явдалд ээрэгдэж гүйцжээ. Арга буюу харихаар босохдоо авчирсан будаагаа цөмийг нь овоонд өгчихөөд гэрийн зүг явлаа. Тэрээр нэгэн явдлыг нэхэн санаж гэнэ. Түүний бага насанд нэг удаа маш сонирхолтой явдал болжээ. Эмэг эх нь хүүгээ суулгаж дэргэдээ суулгаад:
-Хүү минь. Маргааш овоо тахилга болно. Энэ ёслолд хүн бүхэн ихэд хүндэтгэлтэй очих ёстой. Тиймээс миий хүү энэ дээлийг өмсөөрэй ... гэж хэлээд шинэ дээл урлаж өгч гэнэ. Хүү тэр өдөр маш их баярлажээ. Тэгээд орой нь эмээгийнээ урлаж оёсон ганган дээлийг дэрлэж унтаж гэнэ. Харин өглөө босоод өмсөх гэтэл тэр дээлийг хулгана ноохойлоод сам шүүр адил болгосон байсанд хүү өмөлзөн уйлж, занга зүүж хулганы ан хийхээр товлож гэнэ. Ганцаар овоо тахилганд очилгүй гэртээ үлдэж, хулгана амьд гарахд бэрх занга хийж чаджээ. Хийж дуусангуут эрэгнэгийн доогуур зүүсэнд удсангүй л жижэгхэн бор хулган орчихсон, тийчилж байлаа. Хүү түүнийг дэвсэж алах гэтэл тэр хулгана хүний хэлээр:
-Хүү минь намайг уучлаач дээ.Амь өршөөж үз... Учрыг нь чамд хэлье ... гэхэд хүү тээнэгэлзэн зогтусахад хулгана:
-Сайхан дээлийг чинь би улам гоё болгож өгнө. Харин чи энэ өдөр хургандаа явахгүй залхуурсан биз дээ. Эмээ чинь хуруу хумсаа элтэлж байж түүнйг оёж байхад чи ерөөс тоохгүй байсан шүү дээ. Хэрвээ чи хургаа сайн хариулсан бол овоонд будаа өргөх байсан. Бас сүү өрөм авч очих байсан. Цагаан ёсны баярт хүн бүхэн цагаан сэтэлтэй очих ёстой гэдэг. Тиймээс л би чиний гоё дээлийг ийм болгочихсон л доо ... гэжээ. Хүү тэр хулганыг занганаас тавьж явуулахад ам цагаан хулгана эргэж хараад:
-Чамд би тусыг үзүүлнэ. Заавал шүү .. гэж хэлжээ. Ноён тэр явдлыг дурсахдаа түрүүчийн хулгана ам цагаан байсныг мэдэрчээ. Тэгээд гэртээ харьж бага наснаасаа хадгалж ирсэн нөгөөх дээлээ гэрээс гаргаж зүүн өмнө зүг рүү харуулж сэгсэртэл гэнэт хөөрхөн хүү өмнөөс нь инээмсэглэн гүйж ирээд:
-Аав аа? гэж дуу алдан, хүзүүгээр нь тэврэн авч гэнэ. Ингэж ноён өтөл насандаа үе залгамжлах хүүтээгэй уулзаж, өр нимгэн, амар амгалан амьдрахдаа овоо тахилгын ёс горимыг ард олондоо сайтар таниулах гэж насан туршдаа дээдэлсэн гэдэг. Мөн гарч байгаа жилийн бэлгэдэл хэмээж  тус тусын ёслолыг хүндэтгэл болгон залсан нь өнөөдөр ч бидний дунд дамжигдаж ирсэн түүхтэй гэдэг..



Тайлбар:
1. бэлгэдэл, савдаг, лус, элтэлж,   үгсийг утгыг тайлж ойлгуулах
2. байгаль, амьтан, хүн гурвын шүтэлцээ холбоо /Монголчуудын овооны ёсыг ойлгуулах/
3. Жүжигчилсэн тоглолтоор хэл яриаг хөгжүүлэх












    Семинар -15          /Г. Болормаа/      Шарга азаргын даваа 

            Эрт урьд цагт нэгэн ядуу эр байжээ. Тэр хүн шарга зүстэй ганц азаргатай юм санж. Угаас ядуу зүдүү, өнчин өрөөсөн түүнд хан тэнгэрийн хүлэг гэмээр дүүхэлзсэн сайхан төрхтэй, шарга азарга байдгийг нутгийнх нь нэгэн баян эр хорхойсож, түүнийг нь салгаж, өөрийн өмч болгон авах гэж хичнээн арга сүвэгчлээд тус олоогүй гэдэг. Ядуу эр азаргаа унаад хошуу нутгаар явахадхийморь нь сэргэж, хүсэл нь биелэх шиг л болдог байжээ. Энэ занг нь өдөөж, азаргыг ямар нэгэн аргаар өөрийн болгох хүсэлд автсан санаа муут эр ядууг “холын замд гарвал гайхалтай сайхан амьдарч болох арга зам байна” хэмээн хийрхэн ятгаж гэнэ. Тэр санаа муут хүн:
-Найз минь. Ганц бие чам шиг холын газрыг зорьж хүслээ биелүүлэх хэрэгтэй гэж гэнэ. Ядуу эр уул сайхныг туулж, ураг төрлийн холыг зорих хүсэл байвч ямар замыг хэрхэн туулах, хэтийн зорилго хаана хүрэхийг бодож эрэгцүүлэвч, угаас яду зүдүү, тэгээд ч өнчин өрөөсөн тул түшиж тулах ах дүү байхгүй хойно ихэд ганцаардаж, бор гэртээ бодлогшрон хэвтэж байлаа. Гэтэл хоёр хоногийн өмнө гайхшралыг нь төрүүлээд ганц нэг үг хэлсэн ч нөгөөх муу санаат ядуугийн бор овоохойд ороод ирч гэнэ. Түүнийг ядуу эр хүний сайхан нь гэж бодоод түшиж, тулах анд найз шигээ угтлаа.
-За найз минь. Юунд гиеүрч байдаг юм. Холын газрыг товчлон туулах увидастай хонгор шарга зүстэй эрийн хийморь сэргээх ийм сайхан хүлэг морь гадаа чинь байхад нэгийг бодоод үз дээ. Би чамд хэлээд байна. Холыг зорь. Урд зүгт ураг төрөл болох хүнийг хайж, унгас ноосоор эсгий хийж өргөө гэр барьчихаад хүлээж байна гэнэ. Чи нутаг уснаасаа гарч амьдрах хэрэгтэй. Тэр хүн бас сүрэг сүрэг адуутай гэнэ. Чи шарга азаргаа сүргийн манлай болгоно гэж бодохгүй байна уу... Шарга азаргын төл хошуу нутгаар өсөн үржи нь сайхан биш үү... гэж хэлж гэнэ. Ядуу эр туйлдаж зүдрэвч бие хаа тэгш, ухаан санаа саруулч гэнэ цайлган сэтгэлтэй, ном эрдмийн үсэг ч нүдлээгүй нэгэн байлаа. Үеийн нөхрийн үгэнл итгэх нь зөв гэж хоромхонд шийдэж:
-Би аль зүгт явах уу? гэж асуухад зальжи, муу санаатын атга санаа нь зүрх сэтгэлийг нь гижигдэж:
“Энэ мууг нутаг уснаас нь дайжуулж явуулаад замд нь хүлэг морьноос нь салгана даа. Яадаг юм. Энэ морь манай адуунд гүйгээд ирсэн л гэж хэлнэ биз. Арга бодох цаг...” гэж бодож амжаад:
-Их хол газрыг туулахад өлсөж, ядарна. Тиймээс замын хүнс хэрэгтэй. Үүнийг аваад явахад хоёр хоногтоо алзахгүй гэж өөрөө бэлдэж ирсэн идэх вмыг нь өгч гэнэ.
Ядуу эр туйлгүй баярлаж:
-Миний төлөө ингэж зовж, сайхан амьдралд хүрэх арга замыг зааж өгсөнд баярлалаа. Эр хүний замын хүзүү урт, эмээлт морины тулах чадал холч гэдэг. Найзминь чамд гялайлаа ... гэж хэлээд шарга азаргаа унаад холыг зорьж явжээ.
Ядуу эр өндөр даваа, өргөн голыг туулаад цааш явахдаа шигүү ургасан моддыг сүлжин явж байтал гэнэт бараан зүстэй ямар нэгэн амьтан имодон дундаас чарлан гарч ирж гэнэ. Шарга аазарга ч зогтусан эргэж, ядуу эрч эргэцэн цочирдож, нөгөөх амьтан үзэшгүй муухайгаар орилон ямар нэг зүйлийг савчихад бүрэг тараг нөмөрсөн үдшээр морь, эр хор хирдхийхэд төмөр илд шарга азаргын дөрвөн хөл доогуур хангинаж, уул нуралдах шиг их чимээ гарлаа. Ядуу эр “хайя хайя” хэмээн мориныхоо омгорхол цочиролыг дарах гэсэн ч тусыг олсонгүй тэнгэр хөмрөх шиг болоод ухаан алджээ. Ядуу эр яах ийхийн зуургүй газарт нэвсийн унахал нөгөөх аймшгийг өдөөгч шарга азаргын дэргэд гүйж ирсэн нь хүн байв. Омголон зантай хүлгийг арай хийн өөрийн гарт оруулсан хүнийг дөрөөлхөөр зэхтэл шарга азарга гунхсан сайхан ташаагаараа зөрж нэг, гурамсан чөдрөнд түрдэггүй дөрвөн хөлөөрөө газар товшлон эргэцэхдээ намалдаганд гал бутартал буулгаад муухай орилоход нь суларч, тоос татуулан давхиснаа эзнээ үгүйлэн үүрсэж гэнэ. Энэ дуунаар ядуу эр сэргэлээ. Тэр ухаан балартан газар хэвтэж байгаагаа сая мэдрэв. Ядуу эр болж өнгөрсөн зүйлийг эргэн санахыг хичээж олон хоног явсан, сүүлдээ нүд чихгүй төөрч будилсан, өндөр уул, өргөн голыг гаталсан гэж өмнөх явдлаа нэгд нэгэнгүй саналаа. Олон хоног ядарч яваа болохоор бушуухан нутаг буця гэж бодоод эргэсэн гэж бодож байтал хажууд хүн ёолох шиг боллоо. Гэтэл сайн ажиглан харвал нутгийнх нь хүн, аян замд явуулсан нөгөөх ачтан байлаа. Ядуу эр:
-Хүүе найз минь гэтэл гарт нь илд байх юм. Гарцаагүй мөн дөө гэж бодоод ядуу эр:
-Чи хаана хүрээд явж байгаа юм бэ Манай нутаг хол ... гэтэл нүүр нүдгүй улаа болсон нөгөөх хүн амаа ангалзуулан байж:
-Амь авар гэлээ. Шарга азарга эзнээ өндийсөнд хангинатал үүрсээд дэргэд нь ирж дүүхэлзэж гэнэ. Ядуу эр:
-Хүлэг минь сайн байна. Намайгаа явгалсангүй. Хоёулаа энэ хүнийг нутагтаа хүгэх ёстой... гэж хүн адил ярьсаар хөл дээрээ босоод цулбуураас баригаа нөгөөх ёолон хэвтэх хүнийг өндийлгөн түүнийг мориндоо дүүрэн мордох гэтэл шарга азарга хавьтуулсангүй. Арайхийж зууралдан дөрөөлтөл  зуларлаа. Ядуу эр эмнэг моринд эрдэж явсанаас өөвийж өөчлөгдөж үзээгүй нэгэн тул мориныхоо аяыг олоод янганин өвдөх биеэ хайхарсангүй ухасхийн мордоход өмнүүрээ дүүрч явах гэсэн хүнээ унгачихаж ээ. Эргэх гэтэл хүлгийнх нь ам нь дийлдсэнгүй. Цагаан тоос татуулан ухаан жолоогүй мэт давхин оджээ. Шарга азарга явах тусам явдал юу нь саарч, дөмөн явдал нь дөжирсхийж, бөмбөр адил товшилдог дөрвөн хөл нь сажилах боллоо. Ядуу эр “Огцом өндөр даваанд азарга минь сульдаж ядарч дээ” гэж бодоод бууж, түүнийгээ аргагүйн эрхэнд өөрөө үүрч давааны эхэнд гаргаж гэнэ. Гэтэл азарга нь толгойгоо даасангүй.Ядуу эр нутагтаа эргэж ирсэндээ баярлавч, бор гэрээс нь өөр тосох юмгүй тул уйлан гашуудаж гэнэ. Гэтэл хүлэг нь амьсгал татан байхдаа хүний хэлээр:
“Намайг үхэхээр яснаас минь өдөр бүхэн нэгийг аваад өмнө зүгрүү харуулж байгаад өглөг буйн гуйж байгаарай” гэж хэлээд амьсгал хурааж гэнэ. Ядуу эр аргагүйн эрхэнд азарганыхаа дэргэд уйлан суухад шарга азарганых нь эцсийн амьсгал гэсэн шиг ганц дусал нулимс бөмбөрөхөд түүнийг алгандаа тосон автал гялалзсан эрдэнийн чулуу болчихож гэнэ. Энэ цагаас хойш ядуу эр энэ шарга азаргаа нутаглуулсан энэ даваанд гарах бүрийдээ хүслээ биелүүлсээр байж ихэд баян хүн болж амар сайхан жаргасан гэдэг. Нутгийнхан нь энэ давааг Шарга азаргын даваа гэж нэрлэх болжээ.




Тайлбар:
1. азарга, нутаглуулсан, дөмөн явдал, дөжирсхийж, цулбуур, үүрсэх, дөрөөлөх гэсэн үгнүүдийг утгыг тайлбарлах
2. Амьтан хүний хоорондын холбоо шүтэлцээ, хорон санаатай муу хүнээс дээр амьтад байдаг тухай ойлголт сэдэл төрүүлэх
3. Жүжигчилсэн хэлбэрээр хэл яриаг хөгжүүлэх                               
 
        



No comments:

Post a Comment